Түгжээтэй Хаалга

Би түгжээтэй хаалганд дуртай. Түгжээтэй хаалганы цаана яруу найраг, аялгуу, гайхамшиг амилж байдаг. Та хаалгыг түгжээгүйгээр төсөөлж чадахуу? Хэрвээ хаалганд түгжээ байхгүй хууль гарвал галзуурах хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх бол.
Завгүй өдөр хоногууд өнгөрсөөр. Залуу насан дээр завгүй байх нь хэвийн ойлголт ч гэсэн хааяа өөртөө цаг гаргах хэрэгтэй. Байнга завгүй явсаар байгаад өөртэйгөө байх цагаа мартчихсан үе хүн болгонд л гардаг байх. Гадаадад байгаа болоод ч тэрүү сатаарах зүйл монголд байснаас ховор байна. Гэхдээ амралтын өдрүүдээр ямар нэгэн газар луу аялах, найзуудтайгаа уулзах, ажилын өдрүүдээр ажил гэж гүйсээр өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрөхийг гэнэт анзаарав. Хүн ингэж өөрийн мэдэлгүй явж байгаад л хөгширчихдөг байхдаа…

Өнөөдөр гэнэт өөртэйгөө цагийг өнгөрүүлэх хэрэгтэйгаа ухаарав. Монголд байхад Ганжавхлан ах өөртөө цаг гаргах тухай их сонирхолтой яриа хийснээс хойш би өөртөө цаг гаргах гэж оролдож эхэлсэн. Би өөртэйгөө байх цагтаа утасаа Airplane mode дээр нь тавиад, сошил медиа орохгүйгээр бүтэн өдрийг өөртөө зориулахыг хичээдэг. Өөртөө цаг гаргаж байх үедээ анхаарал сатааруулдаг зүйлсээ өөр өрөөнд ч юмуу тавиад, өөрт таалагдсан орчинг бүрдүүлэх нь их чухал.
Доор өөртөө цаг гаргах үедээ хийж болох зүйлсийн санаануудыг жагсаан бичлээ.
- Тэмдэглэл хөтлөх (толгойд орж ирсэн бүх зүйлсийг бичих, аз жаргалтай байсан мөчүүд, стрессдүүлж байгаа зүйлс түүний учир шалтгаан гэх мэт. Сайхан уйлмаар байвал уйлчих.)
- Сурсан зүйлсээ бичих (Ойрын хугацаанд сурсан зүйлсээ, АХА моментуудаа бичих.)
- Төлөвлөгөө гаргах (Төлөвлөгөө, төлөвлөгөө, төлөвлөгөө… их чухал зүйл шүү, ЯАЖ төлөвлөгөө гаргах вэ гэвэл урт хугацаанаас эхлүүлээд цагийг ухраах маягаар өнөөдрийг хүртэл бичих. Төлөвлөгөө гаргах маш олон аргууд байдаг ч гэсэн хамгийн гол нь тодорхой хугацаа болон түүндээ хүрэх арга замаа зааж өгөх нь чухал. Жишээ нь: Би 2021 оны 5 сард бакалаврынхаа зэргийг Америкын их сургуульд 3.5 с дээш голчтой, дадлага хийсэн туршлагатайгаар дуусгана.)
- Байгальд алхах, гүйх (Байгальд ганцаараа алхаж байх үед толгойд олон шинэ санаанууд орж ирдэг.)
- Шинэ зүйл сурах (Хэзээ хамгийн сүүлд ямар нэгэн зүйл рүү гүнзгий орж судалсан бэ? Ямар нэгэн зүйлийг гүнзгий судлахад анхаарал зөвхөн түүн дээр төвлөрч тайвшралыг өгч байдагийг эрдэмтэд тогтоосон байдаг.)
- Шинэ хоббитой болох (Ямар нэгэн шинэ хоббитой болон түүндээ дурлах.)
Мөн өөртөө гаргаж буй цагтаа өөрөөсөө асуух асуултууд:
- Би аз жаргалтай байна уу?
- Би зөв зүйл хийж байна уу?
- Би хөгжин дэвжиж байна уу эсвэл нэг байрандаа л байсаар байна уу?
- Би зөв сонголтуудыг хийж байна уу?
- Би өөрийнхөө тухай юуг мэдэж авав?
- Би ойрын хугацаанд, мөн урт хугацаанд юу хийх хэрэгтэй вэ?
Мэдээж хэрэг өөртөө гаргаж буй цаг учираас гэр бүлийн харилцаа болон бусад харилцааны тухай оруулсангүй.
Хаалгаа түгжчихээд өрөөндөө ганцаараа бичиж, уншиж суух хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Ийм хүмүүсийг битгий эмо гэж бодоорой. Зөвхөн интроверт ч биш хамгийн экстроверт хүнд ч ганцаараа байх цаг хэрэгтэй.

Comments
Post a Comment